ЗОХИОМЖ ИХ СУРГУУЛЬ 2026.05.09-нд “SCIENCE AND INNOVATION” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Зохиомж их сургууль (ЗИС) нь Монгол Улсын Засгийн Газрын боловсролын талаар баримталж буй бодлого чиглэлийн хүрээнд, улс эх орондоо чадварлаг мэргэжилтэн бэлдэх зорилгоор 27 жил сургалт, судалгааны үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, Монгол улсын урлаг, соёл, боловсрол, болон хууль эрх зүйн салбарыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд энэ хичээлийн жилд түүхт 27 жилийн ойн хүрээнд олон ажил зохион байгуулж буйн нэг нь 2026 оны 05 сарын 09-ний өдөр болж буй “SCIENCE AND INNOVATIONсэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал юм.

   Энэ хурлын зорилго нь -Шинжлэх ухааны хөгжил нь өнөөгийн нийгмийн шинэчлэлт өөрчлөлтийн хурдыг гүйцэж байна уу? хэмээх асуудалд судлаачид, суралцагчид, олон нийтийн анхаарлыг чиглүүлэх, суурь судалгааг хөхиүлэн дэмжих замаар цаашдын академик сургалт, судалгааг олон улсын түвшинд дөхүүлэхэд оршиж байгаа юм. 

         Хуралд нийт 60 гаруй судлаач илтгэл ирүүлсэнээс, 16 судлаачийн илтгэлийг хэлэлцэж байна.  Хурал хоёр гол онцлогтой болж байна.

  1. Тус хуралд ЗИС-ийн эрдэмтэн багш нараас гадна ОХУ, БНХАУ, Япон улсын судлаачид мөн дотоодын нэр хүндтэй их сургууль болох МУБИС, ШУТИС, Их Засаг Их Сургуулийн эрдэмтэн судлаачид, профессор багш нар илтгэл тавин оролцож байна.
  2. Техник технологийн дэвшил, хиймэл оюун ухааны хөгжил, дижиталчлал, цахимжилт зэрэг нь дэлхий дахинаа боловсрол, урлаг соёл, бизнес-эдийн засгийн амьдралд шууд нэвтэрч, эрс өөрчлөлтийг авчраад байна. Ялангуяа, энэ нь дээд боловсролын салбарт нөлөөлж, шинжлэх ухааны парадигмын өөрчлөлтийг дагуулж байгаа нь эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээнд тусгалаа олж, орчин үеийн, шинэ, содон соргог өнгө аясыг оруулж байгаа юм. Тухайлбал, антропологи түүхийн салбарын судлаачид Монголын зарим угсаатны этногенезийн болон Бурханы шашны түүхийн зарим асуудлыг; хууль эрх зүйн салбарын судлаачид хиймэл оюун ухааны хэрэглээтэй холбогдох эрх зүйн зохицуулалт ба кибер гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтын тулгамдаж буй асуудлуудыг; боловсролын салбарын судлаачид парадигмын өөрчлөлт болон хөтөлбөрийн шинэчлэл, дэлхий нийтийн чиг хандлагыг; нийгмийн ажилтан судлаачид өсвөр үеийнхэнд тулгамдсан асуудлыг; урлаг судлалын салбарт техник технологийн шинэчлэлт судалгааг олон шинжлэх ухааны заагт судлан үр дүнг хэлэлцүүлсэн нь энэхүү олон улсын хурлын шинэлэг тал, ач холбогдол юм.