ОЮУТАН ТӨГСӨГЧДИЙН СПОРТ ӨДӨРЛӨГ

 

 

БИД ШИНЭ ҮЕИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭНЭ

Тус сургууль нь Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1999 оны 05-р сарын 03-ны өдрийн 97 тоот тушаалаар үүсгэн байгуулагдсан. Зохиомж дээд сургууль нь 2005 онд анх удаагаа 5 жилээр, 2012 онд 2 дахь удаагаа 2022 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн.

Эрх зүй-Бизнес удирдлага, Боловсрол судлал, Сэтгүүл зүй, Уран чадварын 4 тэнхим, 60 гаруй эрдэмтэн багштай сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн хэв шинжтэй дээд боловсрол олгох төсөл амжилттай хэрэгжиж байгаа юм.

2018-2019 оны хичээлийн жилд тус сургуульд 2200 гаруй оюутан суралцагчид бакалаврын 18 мэргэжилээр, магистрын 4 мэргэжлээр суралцдаг, нийт 17 удааийн төгсөлтөөр 3000 гаруй мэргэжилтэн бэлтгэжээ гэсэн албан ёсны мэдээлэлтэй болсон сэтгүүлч би тус сургуулийн 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдож байгаа СПОРТ ӨДӨРЛӨГ-ийг сурвалжилахаар сургууль руу болзсон ёсоор 10 цагтай уралдан очлоо.

Зохиомж дээд сургуулийн үе үеийн төгсөгчид болон бакалаврын ангийн оюутан, багш нарын дунд спортын тэмцээн 2 төрлөөр /гар бөмбөг, сагсан бөмбөг/ явагдаж байлаа. Заал руу алхах замд биеийн тамирын хувцастай хэсэг залуус Зохиомж Дээд Сургуулийн спорт өдөрлөгт бэлдэн бие халаалтаа хийж харагдана. Төгсөгчдийн дунд тэмцээн уралдаан гэдэг чухал ач холбогдол бүхий үйл хэрэг байдаг.

Тиймээс үе үеийн шилдэг сургуулиуд оюутнуудынхаа бие бялдар, төлөвшилд анхаарч төгсөгчдийнхөө дунд тэмцээн зохиодог уламжлал бараг тогтжээ. Зохиомж дээд сургууль ч оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тал дээр анхаардгаараа алдартай. Ийнхүү эргэцүүлэн заал руу орлоо. Спорт заал хоёр танхимтай бөгөөд энд нэгэн зэрэг Сагсанбөмбөг, Волейболын тэмцээн явагдаж байлаа. Сагсанбөмбөг гэх спортын тоглолтын үеэр тоглогчид бие биенээ өдөж хоргоож, сүүлдээ нударга зөрүүлэх үзэгдэл ч хаа газрын тэмцээн дээр харагддаг. Гэтэл энэ сургуулийн оюутнууд тун боловсон, бараг мэргэжлийн гэмээр сагсанбөмбөг тоглож харагдана. Хоорондоо зөв боловсон, нөхөрсөг хандаж байгаа нь илт. Эл сургуулийн захирлаар Монголын Кино Урлагийн Академийн тэргүүн, Кино найруулагч  доктор, профессор Д. Цогтбаяр ажилладаг юм байна. Захирал нь урлагийн хүн болоод ч тэр үү оюутнуудынх нь зан харилцаа, нэг нэгэнтэйгээ харьцах байдал нь соёлт нийгмийн өнгө төрхийг илэрхийлж байв.

Тоглолт бүр л ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байгаа бололтой. Тэмцээн болж буй заалын сандлууд нь дүүрч, талбайн хажуугаар зарим нь тоглолтын хувцастайгаа завилаад суучихсан харагдана. Хөгжөөн дэмжигчдийн уулга алдуулсан гоёмсог тоглолтуудыг харсан хэн ч талбай дээр гарч тогломоор санагддаг юм билээ. Хоёр зааланд тэмцээн болж байсан учир бидний хувьд тун чиг завгүй байлаа. Волейболын тэмцээн гэхэд л ширүүн өрсөлдөөн дунд өрнөж, багууд бууж өгөлгүй хурд хүч авхаалж самбаагаараа өрсөлдөж харагдана. Үүнийг харсан би тамирчидтай адил догдолсноо нуугаад яахав. Хөгжөөн дэмжигч охидууд нь ч олны нүдийг хужирлаж байлаа.

Тус үеэр Зохиомж дээд сургуулийн төгсөгчдийн холбооны дарга 2004 оны төгсөгч  А.Батсайхантай хөгжөөн дэмжигчдийн суудалд зэрэгцэн хоёр гурван үг солив. Тэрээр надтай ярих ч завгүй тоглогчдод зааварлаж, нэг ёсондоо дасгалжуулагчийн ажил хийж байгаа бололтой. Энэ үеэрээ “Манай сургуулийн тэмцээн үргэлж л ийм ширүүн өрсөлдөөнтэй болдог доо. Тиймээс үе үеийн төгсөгчид маань ажил, алба аа зохицуулаад зав гарган заавал энэ тэмцээндээ ирж оролцохыг эрмэлздэг. Энэ сайхан тэмцээнд орсон юм чинь дараа долоо хоног эрч хүчтэй өнгөрөх байх аа” гээд тоглолтод оролцохоор босов. Тэрээр уг сургуульд сурж байх хугацаандаа оюутны зөвлөлийн даргаар ажилаж байжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит шагнал хүртэж 2002 оны  шилдэг оюутнаар шалгарч байсан гэнэ. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Монголын оюутны холбооны ерөнхийлөгч, БСШУЯ-нд мэргэжилтэнээр ажиллаж байсан.

Мөн тэрээр Монголын Оюутны Спортын Холбооны дэд ерөнхийлөгчийн хувиар ОХУ-ын Красноярск хотод болсон Өвлийн Спортын Оюутны Их наадамд Монголынхоо баг тамирчидтай оролцоод ирсэн тухайгаа товчхон сонирхууллаа.

Өдгөө Эрдэнэс таван толгой ХХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж. Өндөр боловсролтой энэ залуу удирдагч тэмцээн дээр хүүхэд шиг л хөөрчихсөн дэгдэж явсан юм даа. Энэ сургуулийн төгсөгчид улс орныхоо өнцөг булан бүрт амжилттай ажиллаж, амьдарч байна. Ялангуяа Зохиомж дээд сургуулийн Гааль, Сэтгүүл зүйн сургалтын арга барилыг онцлох нь зүйтэй. Яагаад гэвэл сэтгүүлч миний орсон өдөр тутмын сонины редакц, телевизүүдээр ороход ихэвчлэн Зохиомж дээд сургуулийн төгсөгчидтэй таардаг байсныг нуух юун.

Тус сургуулийн төгсөгчдийн нэг Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, МУ-ын Гавьяат тамирчин Д.Отгондалайтай жаал хөөрөлдөв.

-Өнөөдрийн тэмцээний талаарх таны бодлыг сонсох гэсэн юм?

-Би 2013 онд Зохиомж дээд сургуулийг Гадаад худалдаа гаалийн удирдлага мэргэжлээр төгсөж байлаа. Оюутан насанд сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд ангийнхантайгаа жил бүр л оролцдог байсан. Ойрд уулзаагүй он оны төгсөгчидтөйгөө уулзаж, ажил амьдралынхаа талаар харилцан санал бодлоо солилцож байгаа нь олзуурхууштай үйл явдал болж байна аа.

-Таныг тэмцээн уралдаанд ороход сургуулийн зүгээс хэрхэн дэмжиж байв?

-Миний үед Зохиомж дээд сургуульд надаас гадна олон спортын алдартнууд суралцдаг байсан. Тэмцээн уралдаанд ордог хүүхдүүд ихэвчлэн хичээлээсээ хоцрогдох магадлалтай байдаг. Харин манай сургууль Монголын спортын холбоодуудтай хамтран ажиллаж гадаад, дотоодын уралдаан тэмцээнд ордог оюутнууддаа албан ёсны чөлөө олгож, судлагдаагүй хичээллүүдэд тусгайлан хуваарийн дагуу нөхөж судлуулах боломжоор хангадаг нь  тамирчид бидэнд маш их сэтгэлийн дэм бодог байлаа. Өнгөрсөн хугацаанд тусалж дэмжиж ирсэн сургуулийн удирдлагууд, багш ажилтнууд, ангийн оюутнууддаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Зохиомж дээд сургуульд суралцаж байх хугацаандаа ямар төлөвшлийг олж авсан бэ?

-Эргэх холбоо гэдэг хамгийн чухал. Үе үеийн төгсөгчид ажлын хамтрагчид болж, нэг нэгнийгээ дэмжиж ажилладаг. Биднийг Зохиомж дээд сургууль холбож, нэг дээвэр дор нэгтгэж өгсөнд баярлаж явдаг даа.

-Хамгийн ойрын тэмцээн юу байна?

-Нэг том зорилго тавьчихсан бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байгаа. Тэр талаар одоо яриад хэрэггүй байх. Ярьсан зүйл минь бүтэмжгүй болчих вий гэж битүүхэн айж байна. Тавдугаар сарын дундуур миний зорьж байгаа үйл хэрэг ил болох байх. Тэр үед нь цахим хуудсаараа нийтэд цацна аа гэлээ.

 

Сургуулийн захирал Д. Цогтбаяр гуатай хоёр гурван үг солих гэсэн боловч, зав муутай гүйж харагдсан учраас ЗОХИОМЖ дээд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Монгол Улсын Гавьяат Багш, доктор  Д.Энхжинтэй ярилцлаа.

-Тэмцээнийхээ талаар ярихгүй юу?

-20 жилийн ойн хүрээнд хэд хэдэн ажил төлөвлөсөн байгаа. Үүний нэг нь энэхүү спортын өдөрлөг болж байна. Энэ тэмцээнд бид үе үеийн төгсөгчдөө урьж, тэд маань спортын хоёр төрлөөр 40 гаруй баг бүрдүүлж хурд хүч, авхаалж самбаагаа сорьж нөхөрсөг уулзалт тэмцээн хийж байна.

-Тэмцээний ач холбогдол юу вэ?

-Зохиомж дээд сургуулийн төгсөгчид маань хоорондоо холбоотой байдаг. Мэргэжил бүрийн төгсөгчид хоорондоо уялдаа холбоотой байж, хоорондоо ажил хэргийн журмаар хамтран ажиллах, нөхөрсөг харилцаа тогтоох ийм шаардлагууд гарч байдаг. Спортын уралдаан тэмцээн бол энэ бүх төгсөгчдийг хооронд нь нэгтэх гүүр нь болж байгаа.

-Оюутан төгсөгчдийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр давхар анхаарч байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Наад захын жишээ гэхэд ажлын байрны асуудал байна. Тухайлбал, сэтгүүлзүйн ангийн оюутнууд одоо хэвлэлийн мэдээллийн салбарт олон жил ажиллачихсан ахмад үетэйгээ нөхөрсөг уулзалт тэмцээн зохиож  байна. Тиймээс тэдгээр хүмүүс оюутнуудад туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгөх  гэх мэт давхар ач холбогдол бий гэсэн юм.

Түүхийн жимийг хамтдаа бүтээлцсэн 20 жил

20 жилийн нүүр үзэж буй ЗОХИОМЖ дээд сургуулийн түүх нь одоо сурч байгаа болон төгссөн мянга мянган оюутнууд, багш-ажилчдын хамтран бүтээсэн түүх юм. Төдийгөөс өдий хүртэл нэгэн дээвэр дор цугласан залуус Зохиомж дээд сургуулийн сэргэн мандалт, хөгжилт дэвшилтэй салшгүй холбоотой ажээ. Тухайлбал, Зохиомж дээд сургуулийн хичээлийн II байр 2009 онд ашиглалтад орсон. Энэхүү томоохон үйл хэрэгт энэ сургуулийн оюутнууд хүч бололцоогоо дайчлан тоосгыг нь өрөлцөхөөс эхлэн сургуулийн багш, захирлын хамт нэгэн гэр бүл шиг л зүтгэж байсан нь гэдэг. Тухайн үед сурж байсан оюутан, багш нарын нандин холбоо өдгөө ч уламжлал болон тогтжээ. Гэр бүлсэг, дотно дулаан уур амьсгалыг оюутнуудтайгаа бүрдүүлж чаддаг нь энэ сургуулийн амжилтын нууц. Гэр бүлийн хүрээнд эзэмших боловсрол, амьдралын ухааныг төлөвшүүлж чаддаг нь монголын боловсролын салбарт Зохиомж дээд сургуулийн үлдээсэн гүн мөрүүдийн нэг гэмээр. Тиймээс ч энэ сургуулийг төгссөн оюутнууд тууштай, бүтээлч занг сургуулиасаа өвлөн авчээ. Энэ талаар Д.Энхжин “Өнөөгийн хүүхдүүд бэлэн ажлын байр, бэлэн зүйл дээр амьдралын гараагаа эхлэх хүсэлтэй болжээ. Харин манай сургуулийн оюутнууд сургуулиа өөрсдөө бүтээж, сурах орчноо өөрсдийн гараар байгуулсан учраас илүү амьдралын ухаан суусан байдаг юм болов уу гэж боддог. Тиймээс ч амьдралын талбарт амжилт, ололттой явдаг байх гэж битүүхэн боддог доо” гэсэн юм. Зохиомж дээд сургууль нь 2005 онд анх удаагаа таван жилээр, 2012 онд хоёр дахь удаагаа 2022 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн. 2013 онд олон  улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагад гишүүнээр элссэн. Худалдаа, Зураг авалт, Сэтгүүл зүй зэрэг хөтөлбөрүүд 2015 онд  магадлан итгэмжлэгдсэн. Тус сургууль анх 10 гаруй багш ажиллагсад, 120 гаруй оюутантай байсан бол өнөөдөр дөрвөн тэнхимтэй, 60 гаруй эрдэмтэн багш, ажиллагсадтай 2000 гаруй оюутантай болтлоо өргөжин тэлжээ. Тус сургууль нь улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах боловсон хүчин бэлтгэх үйлсэд 17 удаагийн төгсөлтөөр 3000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргажээ. Зах зээлд эрэлт ихтэй мэргэжилтэнг сургаж цаашид тогвортой хөгжиж, өргөжих хандлагыг бий болгож байгаа юм. Жишээ нь Монгол Улсад эрэлттэй байгаа 20 мэргэжилээс “Бага ангийн багш”, “Сургуулийн өмнөх боловсролын багш” хөтөлбөрөөр өдөр, орой, эчнээ, хөрвөх сургалт явуулж байна.

Энэ хамт олны уриа нь “БИД ШИНЭ ҮЕИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭНЭ”гэх нь үнэхээр хамтын хүч, эв нэгдлээр сурч хөдөлмөрлөдөгийг илтгэх ажээ.

 

 

БАЙРШИЛ: УБ хот, Баянзүрх дүүрэг, Сансар XII хороолол, Их тойруу 57/1

                     Газрын зургаас харах бол энд дарна уу.

УТАС:          7015-5584, 91111187, 99608440, 80101189

ФАКС:          976-70155585

ШУУДАН:    УБ-49 Ш/Х-806

ИМАЙЛ:      enkhjin2007@yahoo.com